Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа Дэлхийн өвийн дурсгалт газрууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Арал толгой, Шивээт хайрханы хадны зураг, Улаанхус сумын нутагт орших Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт Дэлхийн өвийн багана, самбар байрлуулах, хяналт шалгалт, хээрийн судалгааны ажлыг 2021 оны 6 дугаар сарын 16-аас 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв.

Байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу тус захиргааны дарга Б.Өмирбек, нягтлан бодогч Б.Жанболат, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч М.Адилбек, Байгалийн өвийн бүртгэл мэдээллийн санч Х.Ербахыт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг албан ажлаар дурсгалт газруудад ажиллав. Мөн тус захиргааны Арал толгойн хадны зургийн харуул хамгаалалтын ажилтан А.Байбөри, Шивээт хайрханы хадны зургийн харуул хамгаалалтын ажилтан Б.Гантулга, Цагаан салаа-Бага Ойгорын хадны зургийн харуул хамгаалалтын ажилтнууд Д.Байболсын, Т.Ергенбай нар хариуцсан газар дээр нь биднийг хүлээн авч, дурсгалт газруудад хамт үзлэг шалгалт хийж ажиллаа.

Арал толгойн хадны зурагт нэг ширхэг мэдээллийн самбар, хоёр ширхэг Дэлхийн өвийн багана босгов. Арал толгойн хадны зургийн хувьд нэлээд элэгдэж гэмтсэн, зарим зургууд нь бүдгэрч харагдахааргүй болсон байна. Зурагтай хадан дээр нутгийн иргэдийн мал бэлчдэг учраас зургийн өнгө алдагдаж хуучирсан байна. Бид дурсгалт газрын хадны зургийг гэрэл зургаар баримтжуулснаас гадна зурагтай хадан дээр бичсэн, сараачсан хүмүүсийн нэрсийг түүвэрлэж,  GPS- координатыг авч, тэмдэглэл хөтлөн ажиллав. Арал толгойн ойр орчимд байгальд хээр хаясан ундааны хуванцар сав, элс авсан жижгэвтэр карьерт асгасан “хог”, Арал толгойн модноос мод бэлтгэсэн зэрэг зөрчлийг илрүүлэн  баримтжуулав. Арал толгойн орчмын хог хаягдалыг түүж, цэвэрлэхийг харуул хамгаалалтын ажилтан А.Байбөрид үүрэгдэв.

Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор, Цэнгэл сумын Шивээт хайрханы дурсгалт газруудад ажиллаж тус бүр нэг ширхэг мэдээллийн самбар, дөрвөн ширхэг Дэлхийн өвийн багана нийт 2 ширхэг самбар, 8 ширхэг багана байрлуулав. Мөн дурсгалт газруудаар хяналт шинжилгээ хийж, харуул хамгаалалтын ажилтнуудад үүрэг өгч ажиллав.

Дээрх гурван дурсгалт газарт хээрийн судалгаа хийж 6 ширхэг хүн чулуу, 4 ширхэг буган хөшөө, 12 ширхэг эртний тамга тэмдэг, нэлээд хэдэн хиригсүүр, пазырык булш, хоёр руни бичгийн дурсгал, нэг төвд бичээс, нэлээдгүй хадны зургийн гэрэл зураг, хэмжээ,  солбилцлыг авч баримтжуулж, байгууллагын бүртгэл  мэдээллийн санд оруулав.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •