Тус захиргааны албан хаагч нар 2021 оны 8 дугаар сар 26 – аас 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд  Дэлхийн өв- Арал толгой, Цагаан салаа-Бага Ойгор, Шивээт хайрханы хадны зургийн дурсгалт газруудаар хээрийн судалгааны ажлаар явж ирэв.

Хээрийн судалгаагаар Шивээт хайрханы овоог тахих зан үйл, соёлын биет бус өвийн судалгаа, хадны зургийн томоохон дурсгалуудыг баримтжуулах, гэрэл зураг, гар зураг авах, тоолох, хэмжих, тэмдэг байрлуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.

Шивээт хайрхан уулын зүүн бэлд байдаг том хавтгай хадан дээрх дүрслэлийг тоолж бүртгэн баримтжуулав. Тус хадан дээр нийт 728 ширхэг дүрс байгаа нь тогтоогдов. Хаданд аргаль, янгир, адуу, үхэр, морин тэрэг, хүн, ирвэс, буга, бодон гахай гэх мэт маш олон дүрс сийлжээ. Он цагийн хувьд хүрлийн үеэс төмрийн түрүү үед холбогдоно гэж үзэв. Тус хадны зурагтай том хавтгай хадан дээр өмнө нь сонирхогчид, жуулчид машинаараа тулж очдог байсныг болиулах зорилгоор орохыг хориглосон тэмдэг нэг, явган алхалт хийх замын тэмдэг нэг тус тус байрлуулав. Өмнө нь тус захиргаанаас мэдээллийн самбар, дэлхийн өвийн багана босгосон.

Ирсэн жуулчид тус хадны зургийг үзэхдээ хүндэтгэлтэй хандаж машины зогсоолд машинаа орхиж, явган гарч үзэх жишиг тогтож эхэлсэн байна. Жуулчид цаашид хадны зурагтай хавтгай хадан дээр хөл нүсгэн гарч үзэх юм бол хадны зургийн хадгалалт хамгаалалтанд эерэгээр нөлөөлөхөөс гадна зөв төлөвшил бий болно гэж үзэв.

Бид Шивээт хайрханы овооны тахилга мөн биет бус өвийн талаар судалгаа хийж нэлээдгүй баримт, материал цуглууав.

Дэлхийн өв хадны зургийн цогцолборт хүндэтгэлтэй хандах нь иргэн бүрийн үүрэг билээ. Тиймээс гадны жуулчдад зөв ойлголт өгөх үүднээс мэдээллийн самбарт Аялал жуулчлалын тухай хуулийн зарим заалтыг оруулав. Цаашид аялагчдад үйлчлэх газарчин, хэлмэрч, орчуулагч, жолооч нар бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •