Ажлын хэсэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, “Богд хааны ордон музей”-н захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар ажиллав.

Ажлын хэсэг Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн цогцолборын дурсгалт газар болох Цагаан салаа-Бага Ойгорт очиж биечлэн танилцлаа. Дурсгалт газрын харуул хамгаалалтын ажилчид угтан авч, тус захиргааны дарга доктор (Ph.D) Б.Өмирбек цогцолборын тухай газар дээр нь дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулж одоогийн байдал цаашид хэрхэн ажиллах талаар санал бодолоо илэрхийлэв. Мөн захиргааны мэргэжилтэн ажиллагсадтай уулзаж ажил байдалтай нь танилцав. Соёлын яамны зүгээс бодлогоор дэмжиж ажиллахаа ажлын хэсгийн ахлагч Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг хэллээ.

Ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолоор батлагдсан “Тогтоолд өөрчлөлт  оруулах тухай” тогтоолын хэрэгжилт, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Баян-Өлгий аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил, соёлын төвийн жишиг стандартын төслийн талаар мэдээлэл өгч, аймгийн хөгжимт драмын театр, номын сан, музейн үйл ажиллагаатай танилцан удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж, соёлын салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Яамны  “Жуух бичиг”-ээр тус захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Өмирбек шагнагдлаа.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •