Манай улс соёлын өвийг хамгаалах тухай Монгол Улсын Үндсэн хууль болон эрх зүйн бусад баримт бичгүүдэд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуульд: 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд: 3.1.4.1-д “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ”, Монгол улсын Төрөөс баримтлах соёлын бодлогод: 4.3.2-д “Эрт эдүгээгийн соёлын өв санг үндэсний эрхэм баялаг болохын хувьд төрийн хамгаалалтад байлгах” гэх зэргээр заажээ.

Түүнчлэн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль, эрх зүйн баримт бичгүүдийг 1920-иод оноос батлан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1970 онд “БНМАУ-ын Соёлын дургалт зүйлсийг хамгаалах тухай хууль”, 1994 онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”, 2001 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг батлан мөрдөж байсан бөгөөд 2014 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг шинэчлэн найруулж батлан, одоо даган мөрдөж байгаа бөгөөд хэд хэдэн зүйл заалтыг шинээр оруулсан байна.Тухайлбал, Соёлын өвийг зэрэглэлийг өвийн төрөл тус бүрээр зааж өгсөн байдаг. Үүнд:

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр:

-Улсын хамгаалалт /Засгийн газар/, Аймаг, нийслэлийн хамгаалалт /Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /

-Сум, дүүргийн хамгаалалт / Мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн ИТХ /

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн зэрэглэл:

-Түүх, соёлын хосгүй үнэт зэрэглэл /Засгийн газар /,

-Түүх, соёлын үнэт зэрэглэл /Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/,

-Түүх,соёлын ердийн зэрэглэл /хассан /

Соёлын биет бус өвийг:

-Төлөөллийн үндэсний жагсаалт

-Яаралтай  хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэнэ.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Дэлхийн өвийн талаар тусгайлан тусгасан зүйл заалтуудыг оруулсан байдаг. Үүнд:

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

(Шинэчилсэн найруулга)

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Гуравдугаар бүлэг. Соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

13.1.9 Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

13.1.13 Соёлыг өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх;

14 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

14.1.3 Соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах; /Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн /

Наймдугаар бүлэг. Дурсгалт газрыг хамгаалах

42 дугаар зүйл. Соёлын өвийн дурсгалт газар

42.1. Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.

42.2 Соёлын өвийн дурсгалт газар байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Саналд тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэж болно.

42.3.Соёлын өвийн дурсгалт газарт үндэсний болон дэлхийн өвийн дурсгалт газар хамаарна.

42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:

42.4.1.хамгаалалтын бүс;

42.4.2.орчны бүс.

42.5.Соёлын өвийн дурсгалт газарт хэд хэдэн түүх, соёлын дурсгалт газар байрлаж болно.

42.6.Хамгаалалтын болон орчны бүсэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр байгаль, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно.

42.7.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын менежментийг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгаалалтын захиргаа ажиллана.

42.8.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа энэ хуулийн 43, 44-т заасан үйл ажиллагаатай уялдуулан нэмэлт дэглэм тогтоож болно.

42.9.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд хэд хэдэн дурсгалт газрын хамгаалалтын асуудлыг харьяалуулж болно.

43 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм

43.1 Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.1. онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд нисэх онгоц буулгах

43.1.2. ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

43.1.3. мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

43.1.4 хот суурин, цахилгаан станц байгуулах;

43.1.5 тэсэлгээ хийх;

43.1.6 шинээр барилга байгууламж барих.

44 дүгээр зүйл. Орчны бүсийн дэглэм

44.1.Орчны бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

44.1.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

44.1.2.хот суурин, цахилгаан станц байгуулах;

44.1.3.тэсэлгээ хийх.

45 дугаар зүйл.Түүх соёлын дурсгалт газар

45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. 

45.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 45.1-д заасны дагуу хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газарт гэрээт харуул томилж ажиллуулна.

45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

45.3.1.газар, түүний хэвлийг хөндөх;

45.3.2.мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй мод бут, төрөл бүрийн ургамал тарих;

45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;

45.3.4.мал бэлчээх;

45.3.5.онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах;

45.3.6.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

45.3.7.мод, элс, хайрга, чулуу авах.

45.4.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах, аялал жуулчлалын зорилгоор сурталчлах үйл ажиллагаа явуулж болно.

Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах талаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ашигт малтмалын тухай зэрэг бусад салбарын хуульд мөн тусгасан байдаг.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд соёлын өвийн эсрэг үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар Үүнд:

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

(Шинэчилсэн найруулга)

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

9.7 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

1.Хуульд заасны дагуу:

1.1.соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй;

1.2.соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй;

1.3.соёлын өвийг зөөж тээвэрлэх журам зөрчсөн;

1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:

10.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;

10.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;

10.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;

10.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.17 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах

2.Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

(Шинэчилсэн найруулга)

ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг

25.2 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх

1.Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хууль бус археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

25.5 дугаар зүйл.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 

25.6 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу тогтоосон хугацаанд улсын хилээр оруулж ирээгүй бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу тогтоосон хугацаанд улсын хилээр оруулж ирээгүй, эсхүл түүх, соёлын дурсгалт зүйлийг завшсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа

1/ Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

2/ Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;

3/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах, зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохой хөндөх, эвдэж сүйтгэх;

4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;

5/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахаас өөр барилга байгууламж барих;

6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх;

9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх;

10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах.

18 дугаар зүйл. Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа

1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах;

2/ онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9,1О-т заасан үйл ажиллагаа явуулах;

3/ батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих.

21 дүгээр зүйл. Байгалийн нөөц газрын дэглэм

1. Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхэлж болно.

2. Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

24 дүгээр зүйл. Дурсгалт газрын дэглэм

1. Дурсгал газарт хаалт, хашлага барих, сэрэмжлүүлсэн дохио, тэмдэг тавих, түүний хамгаалалтыг нутгийн оршин суугчдад хариуцуулан өгөх зэргээр хамгаалалтын арга хэмжээ авна.

 2. Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Хуваалцах
  •  
  •  
  •  
  •