Алтай Таван Богдын өвөр биеэс эх аван урсах Хар салаа, Цагаан салаа голын уулзварт орших Хурган нуур, Хотон нуур хэмээх хоёр залгаа нуурын хойд талд орших жижиг толгойг Арал толгой гэнэ. Тус дурсгалт газар нь Цэнгэл сумын төв Хөшөөт суурингаас 150 орчим км зайд, хилийн заставын орчим байрлана. Арал толгойн дурсгалт газрын хамгаалалтын үндсэн талбайг 200 га, хамгаалалтын бүсийг 800 га, нийт 1000 га-аар тогтоосон бөгөөд хамгийн бага талбайг хамарна.
Арал толгойн өвөр болон оройн хэвтээ хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсэн байдаг. Эдгээрээс судлаачид 170 орчим хадны зургийг баримтжуулан судалсан ба ихэнхийг нь мезолит, неолит, хүрэл зэвсгийн үеийн анчдын бүтээсэн дурсгал хэмээн үзсэн байна. Үүнд, махир эвэртэй хоёр үхрийн гадаад тэгийг хөвөөлөн цохиж, эхлээд дутуу орхисон зураг нь Монголын хуучин чулуун зэвсгийн үед холбогдох Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадны зурагтай, мөн нэг үхрийн зургийн дээр хожим янгирын зургийг давхардуулан сийлсэн болон шувууны дүрсийг хамт цоолборлосон байдаг нь Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйн зосон зурагт дүрсэлсэн тэмээн хяруулын зурагтай ижил төсөөтэй зэрэг шинжээрээ эртнийх болохыг нотолж байгаа аж. Хадны зургийн хамгийн эртнийх нь адуунаас томоор дүрсэлсэн тэмээн хяруул, адууны дүрс бүхий зохиомжууд, буга, үхэр зэргийн зураг бөгөөд зарим зургийг зориуд гүйцээлгүй дутуу орхисон байдаг нь эртний шинж аж.
Мөн эндэхийн хаданд тэмээ, үхэр унасан, ачсан, морь мал хөтөлсөн зураг байхгүй бөгөөд Төв Азийн нутагт тэмээн хяруул нутаглаж байсан үе болон хадны зурагт тусгалаа олсон бусад амьтдын зураг, нум сум, богино жадны хэлбэр төрх зэрэг тооны хувьд харьцангуй цөөн хэдий ч хадны зургийн эртнийхийг мезолитын үед урлажээ хэмээн баттай үзэхэд хүргэсэн байна.
Арал толгойн хадны зургийн ихэнх хэсгийг хүрэл зэвсгийн үед бодит байдлаар дүрслэн бөгөөд 272 зургаас зөвхөн 3 зураг (хоёр нь мал аж ахуйтай холбоотой) болон богино жад, алхан зээтүү, эртний энгийн богино нум сумаар ан хийж буй анчдын зураг зэрэг нь эрт үед холбогдох юм.
Арал толгойн хадны зургийн дүр, зохиомж бүрийг нарийвчлан судалсны үр дүнд тэдгээр зургийн ихэнх хэсэг 90 хувь орчим нь зэрлэг ан амьтад ба ан агнууртай холбоотой байхад, зөвхөн 7 хувь орчим нь мал ба мал аж ахуйтай холбоотой байна. Иймээс Арал толгойн хадны зураг үндсэндээ эртний анчдын бүтээсэн дурсгал болж байгаагаараа онцлог юм.