Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургийн дурсгалт газар нь Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойш 140 км орчим зайд, Улаанхус сумын нутагт орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 2100 га, хамгаалалтын бүс 3600 га, нийт 5700 га-гаар хамгаалалтын бүсийг тогтоосон байна.
Тус хадны зургийн цогцолбор дурсгал нь Бага Ойгор голын баруун, зүүн эргийн дагуу 20-иод км, мөн Цагаан салаа, Бага Ойгорын голын зүүн эрэгтэй нийлсэн энгэр сугаар 400 орчим метр дээш сунан үргэлжилсэн байдалтай оршино.
Нийт хадны зургийг Цагаан салаа 1-5, Бага ойгор 1-5 гэсэн 10 хэсэг болгон хувааж бүртгэн тэмдэглэсэн байна. Судлаачид хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн болохыг тогтоожээ. Нэг бул чулуун дээр дунджаар 1-180 орчим зураг, дүрс сийлсэн байгаа бөгөөд тус цогцолбор газарт ойролцоогоор 75 000 – 100 000 хүртэл зураг, дүрс байна хэмээн тооцоолжээ.
Цагаан салаа, Бага Ойгорын хаднаа чулуун үе зэвсгийн үе (одоогоос 40-12 000 жил), хүрэл, төмөр зэвсгийн түрүү үе (одоогоос 4-2 000 жил), Түрэг, Уйгур үе (одоогоос 1400-1200 жил)-д холбогдох хадны зургууд байгаа боловч ихэнх зураг нь хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогддог байна.
Эндэхийн хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад мал гаршуулж буй, олноороо хоморголон ан ав хийж буй, үхэрт нуруу ачаа ачиж буй, сүйх тэрэгтэй явж буй, эр эмийн ёс үйлдэж буй зэрэг янз бүрийн өгүүлэмжтэй зургууд маш олноороо нэг талбайд байдгаараа онцлогтой. Цагаан салаа, Бага Ойгорын хадны зурагт үхрийн дүрслэл олон тоотой бөгөөд онцгой чухал байр суурийг эзэлнэ. Үхрийн толгой, эвэр, их бие, сүүл зэрэгт нар дүрсэлсэн нь тэнгэрийн амьтан болохыг бэлгэдсэн бололтой. Мөн үхэр агнаж буй анчин, үхэр хөтөлж яваа, үхэр унасан, үхэрт ачаа ачсан зэрэг баялаг сэдэв, зохиомжоор дүрсэлжээ. Үхрийн нуруунд янз бүрийн хэлбэртэй ачаа, ачаан дотор суусан хүүхэд, олон урт залмыг ачаанаас дээш гозойлгон дүрсэлсэн байдаг нь аж ахуй, зан заншил, оюуны соёлын олон талыг харуулсан эртний хүмүүсийн түүх, соёлын чухал баримт болох юм.