Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулууны тушаалаар Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргаар түүхийн ухааны доктор Б.Өмирбекийг томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааг байгуулах шийдвэр гаргасан юм. Улмаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар тогтоолоор хамгаалалтын захиргааны дүрмийг баталсан байна.
Ийнхүү хамгаалалтын захиргааны удирдлага томилогдсоноор боловсон хүчин, орон байрны асуудлаа шийдэж, ирэх сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд Дэлхийн өвийн Жагсаалтад coёлын ангиллаар бүртгэсэн ажээ.
Ташрамд дурдахад, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей бөгөөд 12000 жилийн тэртээгээс хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү цогцолборт газарт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага Ойгорын хадны зураг хамаардаг.